Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ

Шинэчлэгдсэн: 2024-05-01 18:49:18

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ. ӨМНӨГОВЬ АЙМАГ.

11 сарын 4-5 өдрүүдэд нутгийн зарим хэсгээр цас орсон боловч цасан бүрхүүл тогтоогүй, нийт нутгаар цасгүй байна.

            2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 5-10 хувьд нэн их эрсдэлтэй, 50-60 хувьд их эрсдэлтэй, 30-40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 5-10 хувьд бага эрсдэлтэй гэж гарлаа.

Сүүлийн жилүүдэд хур тунадас орохгүй гантай, гандуу байсан баруун сумдын нутгаар болон бусад сумдын нутгаар зудын эрсдэл их гарсан нь ихэнх нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг харуулж байна.

Зудын эрсдлийг сум, багаар авч үзвэл:  Гурвантэс сумын төв хэсгээр нэн их эрсдэлтэй, Гурвантэс, Ноён, Сэврэй, Баяндалай, Баян-Овоо сумдын нийт нутаг, Хүрмэн сумын Хүрмэн, Тулга баг, Булган сумын Дэн баг, Мандал-Овоо сумын Мандал баг, Номгон сумын Хармагтай, Эмгэн булаг, Богт баг, Манлай сумын Жаргалант баг, Ханбогд сумын Гавилууд, Баян, Номгон багийн нутгаар их эрсдэлтэй, бусад нутгаар дунд зэргийн эрсдэлтэй гэж тооцогджээ.

Аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу, малын тоо толгой хэт их, мөн цас орж цасан бүрхүүл тогтож бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдах, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зудад өртөх нөхцөл бүрдэж болзошгүй байгааг анхааруулж байна.

Өмнөговь УЦУОШТөв